ИНҮТ
Номын сан
"Зоонозын халдварын тулгамдсан асуудал" олон улсын эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл
Ангилал:

Зоонозын халдварт өвчин нь түүхийн урт хугацааны туршид хүний ​​эрүүл мэнд ,улс орны эдийн засагт ноцтой хор хохиролыг учруулсаар ирсэн бөгөөд  Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тооцоолсноор зөвхөн 2000 оноос хойш хүн төрөлхтөнд шинээр илэрсэн халдварт өвчний 70 гаруй хувь нь амьтны гаралтай байна. Сүүлийн жилүүдэд зоонозын халдварын хэд хэдэн дэгдэлт улс орнуудын эдийн засаг, нийтийн  эрүүл мэнд болон нийгмийн бүхий л салбарт ноцтой сөрөг үр дагаварыг үзүүлж  байна. Тухайлбал : Хумхаа, Тарваган тахал, Амьсгалын замын цочмог хамшинж (SARS), Ойрхи Дорнодын амьсгалын замын синдром (MERS-CoV), Томуугийн хувилбарууд, Зика вирус, Эбола вирус, КОВИД-19 халдвар зэрэг олон тооны халдварт өвчин шинээр болон сэргэн тархсан нь дэлхий нийтээр хариу арга хэмжээ авахад хүргэсэн юм.

 Нэг талаар эдийн засаг амжиргаанаас үүдэлтэй хөдөө аж ахуй тэр дундаа мал аж ахуй эрхэлдэгчид зоонозын халдварын байнгын эрсдэлд байдаг бол нөгөө талаар хүмүүс зэрлэг ан амьтдын амьдрах орчныг сүйтгэх, тэдний эзэмшил нутгийг эзлэн суурших нь тэднийг хүн болон гэрийн тэжээвэр амьтадтай илүү ойртуулж зоонозын халдварын эрсдэлийг нэмэгдүүлж байна. Хүрээлэн буй байгаль экологийн тэнцвэрт байдлын алдагдал нь зэрлэг ан амьтан, мал улмаар хүн төрөлхтөнийг аймшигт үр дагаварт хүргэж болзошгүй байдал үүсч байна. Тухайлбал эбола вирусийн халдварын улмаас зүүн болон төв Африкийн горилла сармагчингийн популяци устсан юм. 

Эмч, малын эмч, судлаачид хамтран судалгааны обьектыг тал бүрээс нь судлан нийгмийн эрүүл мэндийн мэдлэг туршлагаа хуваалцах нь зоонозын халдвараас урьдчилан сэргийлэх, эмчлэх, хянахад ихээхэн ач холбогдолтой болохыг олон улсын туршлагууд харуулж байна. Нийтийн эрүүл мэндийн тогтолцоо нь одоо байгаа болон ирээдүйд гарч болох өвчний эрсдэлд бэлэн байх ёстойг өнөөгийн нөхцөл байдал харууллаа. Иймээс бүс нутгийн төдийгүй дэлхий нийтээр хамтран мэдээллээ солилцож хариу арга хэмжээний бэлэн байдлаа хангаж, салбар хоорондын  уялдаа холбоогоо сайжруулах нь чухал юм. Тус төвөөс салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн тулд “Зоонозын халдварын тулгамдсан асуудал” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн билээ. 

Энэ жилийн хувьд КОВИД-19 цар тахлын улмаас тус хурлыг цахим хэлбэрээр зохион байгуулснаараа онцлог байлаа. Энэ удаагийн олон улсын эрдэм шинжилгээний хуралд Монгол улс, Оросын холбооны улс, Бүгд найрамдах Хятад ард улс, Америкийн нэгдсэн улс, Казакстан улсын мэргэжлийн байгууллагын судлаач эрдэмтдийн олон жилийн судалгааны үр дүнг нэгтгэсэн нийт 38 бүтээл ирүүлснээс 14 илтгэлийг шалгаруулан хэлэлцүүллээ. Шинээр болон сэргэн тархаж буй зоонозын халдварт өвчин нь ойрын ирээдүйд дэлхий нийтийн эрүүл мэндэд аюул учруулсан хэвээр байхыг судлаачид анхаарулж байна. Иймд олон улсын хэмжээнд зоонозын гаралтай халдварт өвчний судалгаа эрдэм шинжилгээний үр дүнг хэлэлцүүлж, салбарын эрдэмтэд туршлагаа солилцон аливаа халдвараас урьдчилан сэргийлэн, хариу арга хэмжээ авч, хяналт тавихад энэхүү олон улсын эрдэм шинжилгээний хурлын ач холбогдол оршиж байна. 

Зоонозын өвчин судлалын салбарын судлаачдын оюуны нөр их хөдөлмөрөөр бүтээгдсэн эрдэм шинжилгээний илтгэлийн эмхэтгэлийг Монгол улсад Зоонозын өвчин судлалын төв үүсэн байгуулагдсаны түүхт 90 жилийн ойн босгон дээр та бүхэндээ толилуулж байгаадаа туйлын таатай байна. Номын цагаан буян үеийн үед дэлгэрч, номин дэлхийн үрс  энх тунх, саруул сайхан байх болтугай.